
Австралийн уугуул иргэд Аборигенчуудын уламжлал, соёлыг уран бүтээлдээ
тусгасан орчин үеийн “Бангарра” бүжгийн театрынхан Монголд ес хоногийн
аялан тоглолт хийх гэнэ.

Австралийн уугуул иргэд Аборигенчуудын уламжлал, соёлыг уран бүтээлдээ тусгасан орчин үеийн “Бангарра” бүжгийн театрынхан Монголд ес хоногийн аялан тоглолт хийх гэнэ. Уран сайхны удирдаач Стевен Пэйжээр удирдуулсан контемпорари бүжгийн театрынхан өнөөдөр, маргааш Дуурь, бүжгийн эрдмийн театрт Монголын үзэгчдэд зориулан “Spirit" тоглолтоо толилуулах аж. Монголын Урлагийн зөвлөлийн 10 жилийн ой, Монгол-Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан тоглолтыг Урлагийн зөвлөл, “Рио Тинто” групп хамтран зохион байгуулах юм байна. 1989 онд байгуулагдсан тус театр жилд 100 гаруй уран бүтээл туурвиж, гадаад, дотоодод айлчлан тоглодог юм байна.
АНУ, Франц, Их Британи, Монако, ХБНГУ, Швейцарь, Канад, Япон, БНСУ, БНХАУ зэрэг оронд аялан тоглосон тус театрынхан 2000 онд Сиднейн олимпийн нээлтийн ажиллагаанд оролцсон юм. “Бангарра” гэдэг нь Австралийн уугуул Вираджуру хүмүүсийн хэлээр “гал олох” гэсэн утгатай үг аж. Театрынхан ийм утгатай үг сонгож авсан нь санамсаргүй зүйл биш бөгөөд галыг дээдлэн шүтдэг ард түмний уламжлал, соёлыг уран бүтээлээрээ илэрхийлэх зорилготой юм байна.
Д.Ундрах 24tsag.mn