Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, алба хаагчдын ёс зүй, харьцааны соёлыг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн санал, зөвлөмжийг сонсох "Иргэн-Цагдаагийн харилцаа, хамтын ажиллагаа" сэдэвт нээлттэй уулзалтыг өнөөдөр 11.00 цагт Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Уулзалтад иргэд, төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын нэгдэл, болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газар, нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд оролцоно.
Уулзалт нээлттэй болох бөгөөд оролцохыг хүссэн хэн ч цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагааны тухай санал, бодлоо чөлөөтэй илэрхийлж, алдаа, дутагдлыг шүүмжилж, ажил хэрэгч санал, зөвлөмж, дүгнэлт хэлж харилцан ярилцах болно. Уулзалтын үед цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүй, харьцааны соёлын талаар иргэдээс судалгаа авч, мөн 126 дугаарын утас болон sanal@police.gov.mn гэсэн мэйл хаягаар санал, хүсэлтийг өдөр бүр хүлээн авах юм байна. Иргэдээс гаргасан санал, хүсэлт, шүүмжлэл, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэн бодлого боловсруулж, тодорхой ажил зохиож үр дүнг иргэд, олон нийтэд мэдээлж хамтран ажиллахаар болжээ.
Б.Чимэг



















































