Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14.1 сая вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.1 сая нь Ковакс хөтөлбөрийн хүрээнд юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.
Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид хамгийн үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ.
Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт 2 сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг Засгийн газрыг төлөөлж ГХЯ, Сангийн яам, эрүүл мэндийн яам төлөөлж хийж байгаа.
Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй. Тавдугаар сарын эхний 7 хоног гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэдээ эхний болон тодорхой хэмжээний 2 дахь тунг хийгээд эхэлсэн байна. Зургаадугаар сарын эхээр гэхэд нийт хүн амынхаа 60 хувьд вакцины 2 дахь тунг хийж дуусгаад, долоодугаар сарын эхээр иргэд 2 дахь тунгаа хийлгэн бүрэн дархлаажих юм.
Одоогийн байдлаар 192,137 вакцины үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагийн байдлаар 608,103 хүнд 1 дүгээр тун болон тодорхой хэмжээнд 2 дугаар тун хийлгэсэн байна. Вакцины төлөвлгөөнд саатсан, нөөц дууссан асуудал байхгүй” гэв.
Б.Баатар