Улсын Дээд шүүх өнөөдөр хуралдаж, О.Цогтгэрэл, М.Тулгат нарын аль нэгийг АН-ын даргаар бүртгэх учиртай. Мэдээж, аль аль нь нүүдэл бодчихсон яваа. Хамгийн гол нь Улсын Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаан зарлачихаад товлосон ёсоор хийх үү гэдэг эргэлзээ төрүүлж байна. Хуралдаан ямар нэгэн шалтаг, шалтгаанаар хойшлох магадлалтай. Ийм тохиолдолд АН-ынханд тийм ч их хугацаа үлдээгүй, давчуу цаг.
Тэд дотооддоо хэмлэлдэн тэмцэлдсээр Ерөнхийлөгчийн сонгуульд юу ч үгүй хоцорно, эс бөгөөс гар бариад эвлэлдэн нэгдэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ “сойно”. Ийм л хоёр зам тэдэнд үлдээд байна.
АН-аас өнөөдрийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, улстөрч Ц.Оюунгэрэл нар албан ёсоор өрсөлдөхөө мэдэгдээд буй. Тэдний хувь заяа ч өнөөдөр давхар шийдэгдэх юм. Тиймээс өнөөдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо гэхэд О.Цогтгэрэл үү, М.Тулгат уу, эсвэл хэн ч биш үү гэдэг сонголтын өмнө АН-ынхан тулгарч ирээд байна.
У.Тэргэл