УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны нэгдүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан тус хуулийн төслийг боловсруулжээ.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан ба зөвхөн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэгт дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, ялгамжтай байдлыг бий болгосон гэж үзсэн юм. Иймээс тус хуулийн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр тэтгэмж олгоно гэсэн заалтад эцэг гэсэн үг нэмэхээр тусгажээ. Тодруулбал, хүүхдээ гурван нас хүрэхээс өмнө ээж нь ажилдаа орвол хүүхдээ харж буй аавд нь тэтгэмж олгох тухай хуулийн зохицуулалт аж. Тус хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр заажээ. Ийнхүү гишүүдийн олонх Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.