УИХ-аас байгуулсан Ковидын түр хороо өнөөдөр хуралдахаар болжээ. Хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, санхүү, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын мэдээллийг сонсох юм байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар цар тахлын үед хяналт тавих Ковидын түр хороог байгуулсан бөгөөд үүнд, хорооны дарга болон УИХ дахь нам, эвслийн төлөөлөл багтдаг. Энэхүү түр хороо нь цар тахлын үед зарцуулж байгаа хөрөнгө төсөвт хяналт тавих, хуулийн хүрээнд яваа эсэхэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй юм.
Гэвч халдварын нөхцөл байдал өдрөөс өдөр хүндэрч байгаа энэ үед түр хороо хуралдахгүй, назгайрч буйд гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Халдварын нөхцөл байдал хүндрээд байхад гуравдугаар сарын 30-наас хойш хуралдсангүй. Ингэж ажиллавал татан буулгах хэрэгтэй” хэмээж байв. Түр хорооны бүрэлдэхүүнд М.Оюунчимэг, Б.Баттөр, Н.Алтанхуяг нарын гишүүд багтдаг юм.
У.Тэргэл