МАН, МАХН-ын дарга нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ажиллагаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар болон хоёр намын 300 мянган гишүүн, дэмжигчдийн төлөөлөл цахимаар оролцлоо.
МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан бөгөөд тус ажлын хэсгээс Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан 10 зорилт бүхий хамтарсан уриалгыг 2021 оны гуравсарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүн, дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм.
Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г боловсруулан 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн 3000 гаруй намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлагын түвшинд цахим уулзалтыг зохион байгуулан уг гэрээг ийнхүү ёсчлон баталлаа.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)