Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу өнөөдрөөс албан ёсоор мөрдөж эхлэхээр эцэслэн баталсан билээ. Нэг өдрийн дотор Ерөнхийлөгчийн хоригтой хамтатган хуулиа өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцсэн нь Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчийг өнөөдрөөс бүртгэж эхлэхтэй холбоотой юм. Ерөнхийлөгчийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг танилцуулбал,
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт
Өмнө нь: 3.1.2 “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг,
Өөрчилсөн нь “3.1.2 “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг,
5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:
Өмнө нь 5.4. “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.
Өөрчилсөн нь, 5.4. Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй хэмээн нэмэлт өөрчлөлт оруулсан байна.