Монол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх нэр дэвшин өрсөлдөх эрхээ авсан бол АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэсэн хоёр нэр дэвшигч тодроод байна. Харин Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) буюу "Зөв хүн Электорат" эвслээс Д.Энхбатыг нэр дэвшүүлж буйгаа зарласан билээ.
Эдгээр нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар санал авах өдрөөс 37-оос доошгүй хоногийн өмнө буюу цаг хугацааны хуваарьт заасан ёсоор тавдугаар сарын 3-наас өмнө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой. Харин энэ хугацааг хоцроосон мөрийн хөтөлбөрт төрийн аудитын дээд байгууллага дүгнэлт гаргахгүй юм. Тиймдээ ч өчигдрийн байдлаар, нэр дэвшигч У.Хүрэлсүх, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн билээ.
Төрийн аудитын дээд байгууллага нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг тавдугаар сарын 6-ны буюу пүрэв гарагаас өмнө гаргах бөгөөд хуулийн шаардлагад нийцээгүй тохиолдолд нэг удаа засах боломж олгосны үндсэн дээр дүгнэлтээ эцэслэн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх учиртай.
У.Тэргэл