Коронавирусний халдвар манай улсыг төдийгүй дэлхий дахиныг донсолгож, олон зуун мянган хүний амь насыг авч одоод байна.
Энэхүү цар тахлыг даван туулах гарц нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж, дархлаажуулалтад бүрэн хамрагдах явдал гэдгийг эрдэмтэд хэлж, анхааруулж байгаа. Тиймээс ч дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдэд ч төр засгаас дэмжлэг үзүүлж, боломж олгоно гэдгээ мэдэгдсэн.
Тухайлбал, коронавирусний эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөгний урамшуулал олгохоор болсон. Мөн эрсдэл өндөр гэгдэж буй гоо сайхан, үсчиний газрууд коронавирусний эсрэг вакцины давтан тун хийлгэсэн иргэдэд тавдугаар сарын 8-наас нээлттэй үйлчлэх бол тавдугаар сарын 15-наас вакцины давтан тун хийлгэсэн иргэдэд фитннес, бассейн, иог, бялдаржуулах төвүүд нээлттэй үйлчилнэ. Түүнчлэн давтан тунгаа тариулаад 14 хоносон бол тавдугаар сарын 22-ноос хөдөө орон нутаг руу PCR шаардахгүй болон хязгаарлалтгүй явж болохоор зохицуулалт хийсэн.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авч, дээрх боломжуудыг эдлэх боломжтой юм.
Манай улсын хувьд вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу 819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагдаад байна. Тиймээс иргэдийг дархлаажулалтандаа идэхитэй хамрагдаж, "КОВИДГҮЙ ЗУН"-ы төлөө хамтдаа хичээхийг уриалж байгаа юм.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)