Монголбанкнаас гадаадад худалдсан алтнаас 18 кг алтны сорьцын зөрүү гарч, энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. Тус банкныхан дотооддоо шалгалт явуулж хэргийг анх илрүүлж цагдаагийн байгууллагад хандсанаар уг хэрэгт таван хүнийг яллагдагчаар татаад байгаа. Саяхан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Насанбат Завхан аймаг руу шилжсэнээс болж хэргийг өөр прокурор хянах болсон байна. Хэргийн явцын талаар эх сурвалжаас тодруулахад, “Уг хэрэгт холбогдуулан Монголбанкны ажилтнууд болох С.Шинэтуул, С.Цагаанхүү нарын таван хүнийг шалгаж байгаа. Банкны хоёр ажилтныг батлан даалтад гаргасан. Нөгөө гурав нь банкны захирлууд. Энэ хэрэгт 15 хавтаст хэрэг бүрдүүлсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу Бусдын эд хөрөнгийг зохион байгуулалтай бүлэглэл залилан мэхэлж, энэ хэргээс онц их хэмжээний хохирол учирсан гэдэг үндэслэлээр буруутгаж байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байна” гэлээ. 


















































