Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах тухай асуудлаар МҮОНРТ-ээс мэдээлэл хийлээ.
МҮОНРТВ-ийн захирал А.Бүрэнбаатар “Мэтгэлцээн явуулах тайзны тухайд гурван нэр дэвшигчийг илэрхийлэх өнгөнөөс татгалзаж дундын өнгийг сонгож, МҮОНРТ-ийн нэгдүгээр сувгаар болон mnbworld сувгаар англи орчуулгатайгаар шууд дамжуулаар бэлтгээд байсан юм. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдал, батлан хамгаалах, Монгол Улсын гадаад бодлого, Шүүх засаглал болон хүний эрх, Монголын эдийн засаг, нийгмийн асуудал гэдэг сэдвийн хүрээнд мэтгэлцээнийг явуулахаар төлөвлөөд байв.
Гэвч “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагдсан.
Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож буй нам, эвслүүд мэтгэлцээнийг хэрхэн явуулах талаар удаа дараа санал солилцсон. “Зөв ХҮН электорат” эвслийн зүгээс нэр дэвшигч Д.Энхбатыг халдвар хамгааллын дэглэм сайтар сахиулж студид авчирч, мэтгэлцээнд оролцуулах санал гаргасан. Мөн нөгөө хоёр нэр дэвшигчийг эмнэлэгт аваачин, мэтгэлцээн явуулж болох уу гэдэг гарц гаргалгааг бид хайсан. Харин эмнэлгээс КОВИД 19-ийн үед улаан бүс рүү гадны хүн нэвтрүүлэх боломжгүй, халдвартай иргэнийг гаргахгүй гэдэг хариу ирсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй боллоо" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (6)