УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хэсэгтээ Ерөнхийлөгчийн сонгуулиар “амьсгалсан” тэд давхар тойрогтоо ажилласнаар чуулганы үйл ажиллагаа хэсэгтээ тасалдсан юм. Ирц хүрэхгүйгээс байнгын хороод хурлаа цуцалж, асуудлаа хойшлуулж байлаа. Харин одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусч, эрхэм төрийн түшээд өнөөдрөөс ажилдаа жигдрэх шатандаа орж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар доорх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр товложээ. Үүнд,
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт;
- Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
- Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын таван гишүүн 2021 оны тавдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариу сонсохоор тус тус төлөвлөсөн байна.
У.Тэргэл