УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Б.Пүрэвдорж гишүүн арайхийн нэг үзэгдэж, ингэхдээ цар тахалтай зэрэгцэн хуурамч шатахууны асуудлаар жагсана гэдгээ мэдэгдлээ.
Автомашинтайгаа ниссэнээс хойш нам гүм болж, намынхан нь Төв талбайд өлсгөлөн зарлахад ч тэрбээр бараагаа харуулаагүй. Харин УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд хэлэлцэх асуудлын дундуур горимын санал байна гэсээр үгээ хэллээ. Тэрбээр “Асуудал нэмэх санал оруулмаар байна. Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Харамсалтай нь, энэ хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй байна. Хуурамч шатахууныг хийдэг нөхөд бидний толгой дээр гараад суучихаж.
Тэд МАН-д амаар нь гартал сонгуульд нь хандив өгчихсөн. Албан тушаалтнуудад бөгсөөр нь гартал авлига өгчихсөн гэж ярьдаг”. Одоо хэрээс хэтэрч байна. Өнөөдөр урд хил дээр 6000 вагон гацчихсан байдалтай байна. Гэтэл тавдугаар сарын 25-ны өдөр авлига өгдөг хүмүүс 50 вагоныг нэг өдөр оруулж ирж байна.
Монголын төрөөс татварын хулгай хийж байгаа, ард иргэдийн автомашиныг эвддэг хүмүүст хэзээ хариуцлага тооцох юм бэ. Тэд УИХ-ын гишүүдийг бүгдийг худалдаад авчихсан гэж ярьдаг юм билээ. Энэ хуулийг даргын зөвлөлөөр хурдан оруул л даа. Хэрвээ оруулахгүй бол би ирэх долоо хоногт жагсаал хийнэ” гэлээ.
Энэ нь хөндөх асуудал мөнөөсөө мөн ч цагаа олоогүй гэдгийг хэлье. Цар тахлаар өнөөдөр 411 хүн амиа алдаад байна. Цар тахлыг ингэтэл нь өндөр авахуулсан ЭМЯ, УОК-ийг буруутган, коронавирусний халдвараар амиа алдсан иргэд, тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, үгээ хэлж, жагсана гэсэн бол харин дэмжих байлаа.
Гэтэл эсрэгээрээ УИХ-ын бүх гишүүнийг хуурамч шатахуун нийлүүлдэг нөхөд худалдаад авчихсан хэмээн ундууцаж сууна. УИХ-ын бүх гишүүнд Б.Пүрэвдорж гишүүн хамаардаггүй бололтой. Эсвэл ганц түүнийг үлдээчихсэн юм болов уу. Ямартай ч, залууст буруу үлгэр дууриалал үзүүлсэндээ уучлал ч гуйгаагүй тэрбээр хуурамч шатахуун нийлүүлэгчидтэй тэмцэхээр шийджээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (7)