Манай улс коронавирусний цар тахалтай нүүр тулаад долоон сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн ажилчид хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа ч тэдэнд олгож буй дэмжлэг, урамшуулал гэх зүйл алга. Үүнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэлж, мэдээлж, шаардаж буй. Бодит байдал ийм атал улстөрчид цахим сүлжээнд хий халаглаж, ард түмнээс үнэлгээ авах зүйл бичиж суухаас өөрийг хийхгүй нь.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр цахим сүлжээндээ мөн л сүржин зүйл бичжээ. Тэрбээр "Тэд ч бас гэр бүл, үр хүүхэд, хань ижилтэй. Цар тахлын нөхцөлд хамгийн их ажиллаж буй хүмүүс бол эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд маань билээ.
Хайртай бүхнээсээ хол хэдэн хоног, сараар хүний төлөө өргөсөн тангаргаасаа үл няцан хөдөлмөрлөж буй та бүхэндээ талархъя. Цар тахлыг ялж, та бүхний минь нуруу тэнийж, хэвийн ажил, амьдралдаа хурдан орох цаг удахгүй биз ээ. Иргэн та бид эмч нарынхаа ачаалалд ачаалал нэмэхгүйн тулд хариуцлагатай, ухамсартай байцгаая. Тэд ч бас гэр рүүгээ яарч байгаа" хэмээсэн байна.
Түүний бичсэнээр Төрийн гурван өндөрлөгийн нэг болсон Г.Занданшатар эмч, эмнэлгийн ажилчдыг цаг наргүй зүтгэж байгааг "мэдэж" байгаа бололтой.
Харин одоо үүнийгээ амьдрал дээр бодит ажил болгож, эрүүл мэндийн салбарынханд дэмжлэг, урамшуулал олгох, цалин хөлсийг нь нэмэх зэрэг тэдний тулгамдсан асуудлыг шийдэхэд анхаарах буй за.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)