УИХ-ын гишүүн Ч.Ундрам БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүллээ. Тэрбээр шаардлагадаа “Дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд халдварын тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ хүүхдүүдийн дунд халдвар ихээр гарч байна. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа олон хүүхэд байна.
Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдаас шалгалт авахгүй, нэг жилийн дараа өгөх боломжтой гэсэн мэдээллийг хүргэж байна.
Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн иргэний ардчилсан нийгэмтэй билээ. Цар тахлын улмаас улс орон хэцүү байдалд байгаа хэдий ч хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчиж байна. Хүүхдийн эрхийг хамгаалж, боловсролыг тэгш хүртээмжтэй олгох нь төрийн үүрэг юм.
Иймд Эрүүл мэндийн яам, БШУЯ, УОК болон холбогдох газрууд энэ асуудлыг нэн яаралтай анхааралдаа авч ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бүрэн хамрагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна" гэжээ.
А.Сүх