Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цахим хуудсаараа дамжуулан доорх мэдээллийг нийтэд өглөө. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхэд, 500 гаруй жирэмсэн эхчүүд, вакцинд хамрагдаагүй иргэд “Ковид-19”-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байгаа тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч байна.
Иймд Улсын онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой яаралтай тусламжийн төвийн ажлыг түргэн хугацаанд дуусгахаар олон салбарын хүмүүс ажиллаж байна. Яаралтай тусламжийн энэхүү төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм" гэлээ.
Иргэд гэрээр өөрсдийгээ эмчлээд хүндрэх нь их байгаа тул тэднийг яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлүүлэх боломж ийн бүрдэж байна.
У.Тэргэл