Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хариу арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, тодорхой үүрэг чиглэл өгчээ.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Гандантэгчэнлин хийд орчмын газар төлөвлөлтийн талаарх шийдвэрийг гаргалаа.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бол нийслэлчүүдийн амьдрал, эдийн засгийг шинэ түвшинд гарах юм. Хотын дэд бүтэц, дулаан хангамжийн эх үүсвэрээ зохицуулах гэх мэт зайлшгүй шаардлагатай тулгамдаж байгаа асуудлаа нийслэл, Засгийн газрын түвшинд хэлэлцэнэ. Мөн Гандантэгчэнлин хийд орчим буюу 55.8 га талбайд тогтоол гаргаж, соёл, аялал жуулчлалын төв болгоно. Мөн Морингийн даваанд “Залуус-1” хорооллыг барихаар ажиллаж байна. Баянголын аманд “Залуус-2” хорооллыг барихаар бэлдэж байна. Дэнжийн 1000 орчим 1008 айлын орон сууц барихаар төлөвлөөд байгаа. Цаашид түгжрэлийг бууруулахаар дэд төвүүдийг барьж байгуулна” гэлээ.
У.Тэргэл