Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол өчигдөр болж, хүндэтгэлийн чуулган болсон. Энэ үеэр протоколын хэд хэдэн алдаа гарсан.
Тодотговол, Нэгдүгээрт, тангараг өргөх ёслолын үеэр иргэд, сонгогчдыг төлөөлж Чингис хаан одонт, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа үг хэлсэн. Түүнийг үг хэлэхээс өмнө протокол зөрчиж, шинэ Ерөнхийлөгчийг үг хэлнэ үү гэж дуудсан. Улмаар тус үйл ажиллагааг зохион байгуулагчдаас Ж.Гүррагчаа үг хэлэхийг сануулснаар шинэ Ерөнхийлөгч хэсэг зогссоноо эргээд суусан юм.
Хоёрдугаарт, Ёслолын ажиллагааг удирдах үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар У.Хүрэлсүхийг индэрт гарч үг хэлэхийг урих үеэрээ хоёр Ерөнхийлөгчийн овгийг сольж, Халтмаагийн Хүрэлсүх та үг хэлнэ үү хэмээсэн.
Гуравдугаарт, шинэ Ерөнхийлөгчийг тангаргаа өргөхөөс өмнө Г.Занданшатар Ерөнхийлөгч Х.Баттулгыг тамгаа шилжүүлэн өгөхийг хүссэн нь мөн алдаа байв.
Тэгвэл энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ. Төрийн ёслолын газрын даргаар УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболдын хүү Энхболдын Одмөнх ажилладаг юм. Харин өчигдрийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хариуцан ажилласан байна.
Төрийн ёслолын алба нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээ, төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (70)