УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан ба тэрбээр "Хуулийн төслийг баталбал 150 хоригдлыг ялаас бүрэн чөлөөлж, 374 хоригдлын хорих ялыг сольж, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны 25 хүн гээд нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол үлдэнэ. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хориг ял оногдуулсан ч шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж чөлөөлсөн 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160 гээд нийт 3915 хүнийг хамруулна. Мөн барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн барилдах эрхийг нэг удаа сэргээхээр хуулийн төсөлд тусгасан" гэлээ.
Энэхүү хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцэж байсан боловч Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар нарын гишүүд хаалттай хэлэлцэх горимын санал гаргалаа. Ц.Мөнх-Оргил гишүүн "Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцдэг уламжлалтай. Олон хүний амьдрал, эрх чөлөөний асуудлыг ярьдаг учраас хаалттай хэлэлцэж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь зүйтэй" гэлээ. Энэхүү горимын саналыг хуралдаанд оролцож буй гишүүдийн олонх дэмжсэн учраас Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа хаалттай хуралдахаар боллоо.
У.Тэргэл