УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдааны эхэнд 2021 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа ба эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөг нэмж олгохоор төсвийн тодотголд тусгасан юм. Энэ мөнгийг улаан бүсэд ажиллаж байгаа эмнэлгийн 13 мянган ажилтанд нэг удаа хоёр сая, улаан бүсэд ажиллаагүй эрүүл мэндийн салбарын 19.5 мянган ажилтанд нэг удаа нэг сая төгрөгийн тэтгэмж олгоход зарцуулахаар төлөвлөсөн.
Үүнээс гадна улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх юм. Мөн нэмж 2000 ор дэлгэхэд 110, резидент эмч нарыг дайчлахад 3.7, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн юм.
Чуулганы хуралдаанаар төсвийн тодотголоос гадна дараах асуудлыг хэлэлцэх юм.
- Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,
- Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
- Бусад /анхны хэлэлцүүлгүүд/ орж байна.