Арван аймаг ард түмнийхээ амь насаар наадахгүй. Харин бусад нь...
Коронавирусний цар тахалтай холбоотойгоор орон нутгийн удирдлагууд аймаг, сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй, төсөвлөсөн хөрөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаа мэдэгдээд буй. Тэгвэл өнөөдөр Булган аймаг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой баяр наадам тэмдэглэхгүй, наадмынхаа төсвийг халдварт өвчний эсрэг зарцуулахаар болсноо мэдээлэв.
Ингэснээр өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Дархан-уул, Орхон, Завхан, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Сэлэнгэ, Хэнтий, Булган гэсэн арван аймаг баяр наадам зохион байгуулахгүй гэсэн шийдвэрийг гаргаад байна.
Ард түмнийхээ амь насаар наадахгүй гэсэн шийдвэр гаргасан тэдэнд олон нийт талархаж, сайшаалын үг хөврүүлж байна.
Ард түмэн "сэхээнд", харин тэд Хүй долоон худагт наадах нь
Орон нутгийн удирдлагууд баяр наадмаас татгалзаж, харин улсын баяр наадмыг тэмдэглэхээр Хүй долоон худаг хөл хөдөлгөөнд оржээ. Тодотговол, Улсын баяр наадмыг цахимаар тэмдэглэхээр Хүй мандалын дэвжээнд "хаад"-ын өргөө сэнтий засаж, эрээн алаг асрууд сүндэрлүүлж байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байна. Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас баралт хэдийнэ 500 хол давчихаад байхад төр, засаг нь эмгэнэл илэрхийлж, гашуудахын оронд ийнхүү баяр наадам хийх гэж буй нь ард түмнээ үл хүндэтгэсэн явдал хэмээн иргэд үзэж, бухимдсаар байгаа юм.
Халдварын улмаас сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэд амьсгалын аппарапын хүрэлцээ тааруу байгаагаас эрдэнэт хүний амь нас эрсдэж байгаа талаарх мэдээллийг газар дээрээс нь цахимаар олон нийтэд түгээсээр байна. Харин иргэд халдвараар өвчилж, гэрээр эм тариагаа авахад өртөг өндөр, зардал их гарч байгаа талаар хэлж, уламжилсаар буй. Гэсэн ч төр, засагт ард түмний үг үл хүрсээр л....
Ямартай ч, энэ жилийн баяр наадмаар ард түмэн сэхээнд, харин дээдэс Хүй долоон хутагт наадах нь.
Б.Баатар
Сэтгэгдэл (8)