УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг төсөлд нийт зургаан бүлэг 23 зорилт, 300 гаруй арга хэмжээг тусгасан бөгөөд ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөгжлийн төлөвлөгөө сайжирч орж иржээ. Төлөвлөгөөнд Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг барьж, байгуулах ажлыг эхлүүлнэ гэж тусгажээ. Энэ станц ямар ач холбогдолтой юм бэ?
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Ховд гол дээр барих Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг та асууж байна. Цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Бүх бэлтгэл зүйлээ хангаж, тендерээ зарласан. БНХАУ-ын талаас гурван компанийн нэрийг ирүүлсэн. Үүнд, Үнэлгээний хороо яг одоо ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар баруун бүсийн цахилгааны хэрэглээг дотоодоос 100 хувь хангах боломжтой болох юм.