

Үзэсгэлэнг Эзэн Богд Чингис Хааны 850 жилийн ойд зориулж байгаа бөгөөд уран бүтээлч дөрвөн найз “Чингис хаан”-ыхаа ойд өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа юм.
Дөрвөн найз уран бүтээлчид энэ үзэсгэлэнгээрээ нүүдэлчин монголчуудын их түүх, гүн ухаан соёл, үндэсний ёс заншил, ан амьтан, байгалийн зүй тогтлыг харуулах юм. Мөн монгол ахуй амьдралаас сэдэвлэж, орчин үеийн урлагийн арга барилаар дотоод сэтгэлгээгээ илэрхийлж, өөр өөрсдийн өнгө аясаар мэргэжлийн өндөр төвшинд уран бүтээлээ хийж гүйцэтгэснээрээ ихээхэн онцлогтой.
Тухайлбал зураач А.Чадраабал Монголын их говийн эзэн хаан, орсон буурны дотоод сэтгэлгээний мөн чанар, онцгой сонин содон дүр төрх, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч буйг хүчтэй эрчимлэг фактуртай уран баримал, бийрний дахин давдагдашгүй уран нарийн зураастай бэхэн зураг зурсан байна.
Д.Батмөнх дэлхий ертөнцийг бөмбөрдөн салхи татуулан давхиж буй тэнгэрийн түмэн агт морьдыг орчин үеийн уран зургийн шинэ арга барил, өнгө будгийн яруу тансаг зохиролоор нийцүүлэн 12 метрийн урттай монументалист уран зураг зурсан байна.
Уран барималч А.Очирболд, зураач О.Энхтайван нар тэнгэр заяат монголчуудын огторгуй ертөнцийн гүн ухаан далд ухамсарын зөн совин, хүний нүдэнд үл үзэгдэх нарийн чанд ёгт бэлгэдэлийг ургуулан сэтгэж уран бүтээлч хүний нуугдмал торгон мэдрэмжээр хийсвэр абстракт уран зураг, уран барималуудыг урласан байна.
Д.Ундрах 24tsag.mn