УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Нийтдээ 24 улсад суух Элчин сайдыг томилох сонсголыг хийж байгаа бөгөөд гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой санал хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан: Гадаад бодлогын асуудалд маш их алдаа гарч байсан. Элчин сайд нарын ажлыг жилд нэг удаа сонсч тайлан авах хэрэгтэй. Энэ асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарах нь зүйтэй. Элчин сайдын яаманд ажиллаж байгаа зарим хүн хар тамхи, хэрэгт төвөгт орсон гэх мэдээлэл бий. Тиймээс шинээр томилогдох Элчин сайд нар энэ асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа Элчин сайдын яаманд ажиллаж буй хүмүүст өндөр шаардлага тавих чухал.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын бизнес уулзалтыг идэвхтэй олон талт байдлаар үр ашигтай зохион байгуулж улс орны гадаад худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах талд онцгой анхаараарай.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Ирж буй жуулчдын тоог хараарай. Та нар амралт, зугаалгад яваагүйг алхам бүрт санаж яваарай. Засгийн газар ядарснаа хайрладаг төр байна гэдгээ зарласан. Гадаадад буй монголчууд бүгдээрээ сайхан амьдралтай гэж бодохгүй байна. Тэд хамаг хүнд хүчир ажлыг хийж, олсон хэдэн төгрөгөө эх орондоо татваргүй хөрөнгө оруулдаг гавьяатай хүмүүс юм. Энэ хүмүүсийн сэтгэлийг дэвтээх ганц газар бол Элчин сайдын яам байдаг. Эргээд очих эх оронтой шүү гэдгийг сануулж байгаарай. БШУЯ-тай хамтран ажиллаж, гадаадад суугаа хүүхдүүдийг эх хэл соёлоо мартахгүй байх талд анхаараарай гэлээ.