Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс биелэлтийг хянахад 88.1 хувьтай байжээ. Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2523 аж ахуйн нэгж, иргэнээс “Хариуцлагын гэрээ” байгуулсан 1011 аж ахуйн нэгж, иргэний ресторан, кафе, кофе шоп, түргэн хоолны газар, сүлжээ хоолны газар, цайны газруудын гэрээний хэрэгжилт, цагийн хязгаарын мөрдөлтөд байнгын хяналт тавин ажилласан байна. Мөн 65-аас дээш насны иргэдэд “Спутник V” вакцины давтан тун хийж эхэлсэн байна.
“Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис танилцууллаа. Тэрбээр “нийслэлийн хэмжээнд 54.980 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бол 19 тусгаарлах байранд 1321 хүн байна. Долоодугаар сарын сүүлээр ашиглалтад орох Түлэнхийн төвд 200 ор, эмнэлгийн зориулалттай байранд нийт 400-500 ор дэлгэх боломжтой бөгөөд тусгаарлах байрыг нэмэхэд, ор дэлгэхэд хүний нөөцийн асуудал хүнд” байгаа гэлээ.
Цаашлаад үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж, ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчныг хог хаягдалгүй байлгах үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл энэ чиглэлээрх ажил хэвийн үргэлжилж байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.
Барилга угсралтын ажил нь зогссон сургууль, цэцэрлэг, тэдгээрийн аюулгүй байдлыг хангуулж, сургууль, цэцэрлэгийн гадна орчныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулах ажлын явц, гүйцэтгэлийн талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм. Ажлын хэсэг хуралдаж, жагсаалт гаргаж, зарим газрын талаар шүүхэд хандахаар болсон. Мөн нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх Ажлын хэсэг байгуулсан ба уг ажлын хэсгийн дүгнэлт гарч, олон улсын байгууллагатай хамтарч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд олон улсын байгууллагынхантай уулзаж, ажил эхлэхэд бэлэн болсон гэдгийг Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр хэлэв.
Сэтгэгдэл (1)