УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Монгол Улсын Засгийн газар "Ковидын хууль"-ийн нэрээр маш их эрх мэдлийг авч, өнгөрсөн жил 4.8 их наяд төгрөгийг Ковидын эсрэг зарцуулсан. Мөн Эрүүл мэндийн яамны тухайн жилийн төсвийг зарцуулсан. Түүнчлэн энэ жил 3.7 их наяд төгрөгний хэтрэлтийг төсвийн тодотголоор батлах гэж байна. Гэвч үр дүн нь гарахгүй, тэд үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна. Үнэхээр ковидын эсрэг, иргэдийн эрүүл мэндийн төлөө зарцуулагдсангүй. Ковидтой тэмцэх мөнгийг сонгуульд зарцуулж, ковидыг даамжруулахад нөлөөллөө.
Ковидын халдвараар маш олон хүн нас барж байгаад Ардчилсан намын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. МАН бүх зүйлийг авлигажуулж байна. Үүнтэй адилхан зүйл Ардчилсан нам дотор явагдаж байгаа юм. С.Эрдэнэ дарга хоёр ч удаагийн сонгуулиар ялагдал хүлээчихээд байхад намын даргын суудал дээрээ суусаар байгаад харамсаж байна.
Ардчилсан нам 100 мянган гишүүний гарын үсэг зурах аяныг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 21 мянган хүний гарын үсэг цуглуулаад байгаа аж. Тиймээс ч намын дарга С.Эрдэнэд хоёр шаардлага хүргүүлж байна.
Нэгдүгээрт, долоодугаар сарын 7-ны өдөр намын их хурлыг хуралдуулах,
Хоёрдугаарт С.Эрдэнийг долоодугаар сары 9-ны өдрөөс өмнө огцрох шаардлага хүргүүлж байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно" гэлээ.
Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Засгийн газар иргэн нь олны өмнө нас барчихаад байхад хувь хүний мэдээллийг олон нийтэд ил болгож, хувь хүний нууцад халдаж, нас барсан хүнийг буруутай мэт мэдээлэл цацаж байгаад харамсаж байна" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)