УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж. хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Нийтийн мэдээлэл гэдэгт юуг оруулах вэ. Төрийн байгууллага ямар мэдээллийг нууцлах, ямрыг нь нууцлахгүйгээ хаанаа хянах вэ. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль маш чухал гээд батлуулаад гарсан. Гэтэл хэрэгжилт нь хангалтгүй байна. Судалгаагаар бүрэн дүүрэн хэрэгжих боломжгүй байна гэж үзсэн гэнэ. Яагаад бүрэн хэрэгжих боломжгүй юм бэ. Цар тахалтай холбоотойгоор олон нийтийн мэдэх эрхийг хааж боогдуулсан зүйл их гарч байна. "Энхсаран" сувиллын нөхцөл байдлыг дэлгэсэн залуу одоо шүүгдээд явж байна. Түүний буруутай эсэхийг бид мэдэхгүй ч "Энхсаран" сувилал цар тахлыг тараах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг нь бүх хүний мэдэх эрх. Жишээ нь, иймэрхүү мэдээллийг яаж хүргэх юм. Олон нийтийн мэдэх эрхийг хангасныхаа төлөө төрийн нууц задруулсан, байгууллагын нууц задаллаа гээд буруудаад байх уу.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нийтийн мэдээллийн тухай хуулиар бид мэдээлэл авагчийн эрхийг бүлгээр хангаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийн 3 дугаар бүлэгт ямар хүмүүсийг мэдээлэл авах эрхээр хангах вэ, мэдээллийг ямар хэлбэрээр авах, ямар тохиолдолд мэдээлэл авагчийн эрхийг хангах вэ гээд нарийн зохицуулсан байгаа. Хүний газар эзэмших эрх, ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төрийн болон төрийн өмчит компанийн ашиг орлогын алдагдал, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, бүтэц бүрэлдэхүүн гэх мэт таван чиглэлийн 67 багц мэдээллийг нээлттэй байхаар хуульчилсан. "Энхсаран"-гийн тухайд тус сувиллын нөхцөл байдлыг зарласныхаа төлөө шийтгүүлж байна гэж тэр залуу яриад байгаа. Хэргийн нөхцөл байдлын талаар тодруулахад, мэдээлэл задалсандаа хариуцлага хүлээж байгаа биш. Халдвар хамгааллын журмыг зөрчсөн учраас шалгаж, Зөрчлийн арга хэмжээ авсан юм билээ" гэв