

Соёл, спорт, аялал жуулчлалын Дэд сайд М.Түмэнжаргал, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нар болон яамны бусад албаны хүмүүс 9 дүгээр сарын 25-ны өдөр “Спортын төв ордон”-ы жудо, хүндийн өргөлт, бокс, гимнастикийн бэлтгэлийн заал, Спортын эмнэлэг, “Буянт Ухаа” спортын ордоны үйл ажиллагаатай танилцаж СТО-ны удирдлага албан хаагчид, багш дасгалжуулагч нартай уулзан санал бодлыг нь сонслоо.
Улсын хэмжээнд Спортын төв ордон, Буянт-Ухаа спортын ордон, Бөхийн өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэн, Төв бассейн, Техник спортын төв зэрэг 6 томоохон спортын барилга, байгууламж хэрхэн ашиглагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар Засгийн газрын 57 дугаар ээлжит хуралдаанд салбарын сайд судалгаа гарган ярьсан юм. Мөн тендер хойшлогдсон, газрын маргаантай, зураг төсөл хийгдэж байгаа, төсөв хөрөнгө нь шийдэгдээгүй зэрэг шалтгаанаар ашиглалтанд ороогүй байгаа хэд хэдэн спортын барилга байгууламжийн асуудлуудыг тусгасан байна.
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 34 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газрыг Спортын бэлтгэлийн төв болгон өөрчилсөн. Соёл, Спорт, аялал жуулчлалын Сайдын 2012 оны 09 дүгээр 24-ний өдрийн тушаалаар тус төвийн захирлаар Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Монгол улсын гавъяат тамирчин Б.Наранбаатарыг томиллоо.
Спортын бэлтгэлийн төв нь Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шууд удирдлаганд Захиргаа санхүүгийн алба, Биеийн тамир, спортын алба, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээний алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.
Д.Ундрах 24tsag.mn