Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв талбайд суулт зарласан эрүүл мэндийн салбарынхантай Төрийн ордонд уулзаж байна. Энэ үеэр тэрбээр "Бид вакцинжуулалтад гэхэд 300 орчим тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд зарцуулсан. Шинжилгээнд өдөр тутамд 500 сая төгрөг зарцуулж байгаа.
Цар тахлын үеийн эм тариа бусад тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улсын төсвөөс гаргана. PCR шинжилгээнд 125 тэрбум төгрөгийг төлөвлөж байна. Нэмэлтээр 2000 орыг дэлгэхэд шаардлагатай 110 тэрбум төгрөгийг гаргах нь зүйтэй гэж улсын төсөв баталсан” хэмээн товч тайланг тавьж, энэ цаг үеийг хамтдаа давахыг уриаллаа. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Амаргүй давааг давж байгаа цагаан нөмрөгтэй баатрууд маань өргөсөн тангарагтаа үнэнч байж, өвдөж зовсон нэгнийг эхийн сэтгэлээр эмчилж, унаж туйлдсан эдийн засгаа босгохын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Хүн бүр эрүүл байх болтугай, энэ сайхан цагийг та бид хамтдаа авчирч чадна. Тиймээс хамтдаа алхахыг нийт иргэд, хувийн хэвшлийнхэндээ уриалж байна” гэв.