Хууль зүйн байнгын хороо хаврын чуулганаар баталсан онцлох хуулиудынхаа талаар мэдээлэл өглөө. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Өршөөлийн тухай хуулийг Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй учраас баталсан. Уг хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүний аминд хүрсэн, хүчирхийллийн хэрэг үйлдсэн ялтнуудыг өршөөхгүй. Мөн өмнө нь Өршөөлийн хуульд хамрагдсан хүнийг дахин өршөөлд хамруулахгүй гэсэн зарчмыг баримталсан. Уг хуулийн дагуу 150 хоригдлыг ялаас чөлөөлж, 371 хоригдлын ялыг хөнгөрүүлсэн.
Хаврын чуулганаар шийдсэн том асуудлын нэг нь томилгооны сонсгол хийж томилдог болсон. Тухайлбал, АТГ-ын дэд даргын томилгоог олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэн, анх удаа томилсон. Ингэснээр халаасны дарга нарыг томилдог жишгийг халлаа гэж ойлгож болно.
Мөн Зөрчлийн хуулиар торгуулсан хүмүүсийн ихэнх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчигчид байгаа юм. Одоогоор авто замын торгуулийн 70 тэрбумыг төлөөгүй байна. Тухайн иргэн аравдугаар сарын 1-ны дотор торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэн 50 хувийг чөлөөлнө гэж хуульд тусгасан. Хэрвээ аравдугаар сарын 1-нээс торгуулиа төлөөгүй бол бүтэн төлөх юм” гэлээ.