Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцаж ажиллах, ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гарлаа. 1980 онд Багануур хотыг байгуулах шийдвэр гарсан байдаг. 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод болон, Майдар хотыг барих шийдвэр гарсан. Ингэснээр орон нутгийн зэрэглэлтэй гурван хотыг цогцоор нь бүтээн байгуулахыг төлөвлөж байна. Энэ хөндийд 150 мянга гаруй хүн амьдрах, усны судалгаанаас хамаарч орон зай байгааг судалсан.
Монгол Улс нэг хоттой учир хотын эдийн засаг төвлөрсөн байдаг. Шинэ хотуудад онгоцны буудал баригдахтай холбоотой тээвэр ложистикийн бизнес, үйлдвэрийн чиглэлийн ажлын байр бий болно. Энэ дагуу хоногт 20 мянган куб бохир усыг цэвэрлэх чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан түүнийг холбосон шугам сүлжээ, замын сүлжээ, дулааны станц-2, газар доод талын эх үүсвэрийг холбосон олон бүтээн байгуулалт хийгдэнэ. Эдгээр бүтээн байгуулалтыг хийснээр дэд бүтэц, орон сууц, үйлчилгээ зэрэг бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд бий болно. Мөн Богдхан төмөр замыг барьж байгуулах асуудлыг ярьж байна. Газар олголтыг төлөвлөлтийн дагуу янзална.
Сэтгэгдэл (1)