Бусдад их хэмжэний өртэй гэр бүлийн хоёр хүн амиа хорлосон талаар харамсалтай мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд цацагдсан. Тэд их хэмжээний өрөө төлж чадахгүйд хүрч, гурван үрээ үлдээгээд хорвоогоос буцах шийдвэр гаргасан нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байна.
Өнөөгийн нийгэмд иргэд өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа нь үнэн. Эрүүл мэндээ ч хөсөр хаяж, ажлын төлөө зүтгэсээр сар бүр улсад ирээдүйд авах хуримтлал болгон төлдөг тэтгэвэрээ ч авч чадалгүй нас эцэслэдэг олон хүн бий. Иймээс тэтгэврийн шинэчлэл дээр үр хүүхдэд нь тэвгэврийг нь өвлүүлдэг болох хуулийн зохицуулалт оруулах шаардлагатай талаар гишүүд хэлж байсан юм.
Дээрх хэргийн тухайд зарим гишүүд өөрсдийн цахим хуудастаа Дампуурлын тухай хуулийг шинэчлэх цаг болсныг харуулсан гэжээ.
Тус хууль нь дампуурлын хэрэг үүсгэх, хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүй аж ахуйн нэгжийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулах үүрэгтэй. Гэвч уг үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Дампуурлын хуулийг шинэчлэх шаардлагыг илэрхийлж байна. Дампуурал бол ийм хүнд байдалд орсон хүнийг “дахин төрөх” боломж олгодог нэг төрлийн өршөөл юм. Хуулийн төсөл нь Хууль зүйн яаман дээр бэлэн болоод 3-4 жил болж байгаа. Сайн ч хуулийн төсөл бий. Засгийн газар өргөн барихыг нь хараад л байж байна” гэжээ.
А.Сүх