УДБЭТ “Спартак”, “Евгений Онегин”-оор 50 дахь улирлын нээлтээ хийнэ

ДБЭТ ирэх сарын 6-нд энэ жилийн 50 дахь улирлын нээлтээ хийнэ. Өвөл цагийн нээлтдээ зориулж А.Хачатуряны алдарт, хүчирхэг “Спартак” балет, П.И.Чайковскийн уянгалаг, мөнхийн залуу, дурлалын сэдэвт “Евгений Онегин” дуурийг тоглохоор болсон байна. Тус театр нь “Евгений Онегин” дууриар анх хөшгөө нээж байсан юм. “Евгений Онегин” дуурийн Онегины дүрд анх удаа 2012 оны онцлох “дэлхийн дуучин” болж чадсан Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуулах бол түүний хайрт бүсгүй Татьяанагийн дүрд авьяаслаг уран бүтээлч Ө.Уянга маань бас анх удаа тоглоно гэдгээрээ онцлог болж байгаа аж. Харин “Спартак” балетын гол дүрд О.Ганцоож, Т.Батчимэг, Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмон, А.Өлзий-Орших залуу бүжигчид тоглох юм байна.
Т.Энхээлээ