Монгол руу зэвсэг наймаалагчдыг барив
ОХУ-ын Бүгд найрамдах Алтай улсын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд Монгол руу хууль бусаар галт зэвсэг, сум наймаалдаг бүлгийг илрүүлэв. Тусгай ажиллагааны дүнд гэмт хэрэгтнүүдийн ээлжит ачилтын үеэр 50 мянган сум хураан авчээ.“РИА Новости” агентлагийн мэдээлснээр энэ үеэр Алтай улсын Кош Агач тосгоны хоёр, Тува улсын нэг, Монголын нэг иргэнийг баривчилсан байна. Мөрдөгчдийн үзэж байгаагаар тэд Томск муж болон Алтайн хязгаараас хууль бусаар сум олж аван хилийн ойролцоох Кош Агач сууринд хүргээд Монголын иргэдэд дамжуулдаг байжээ. Хууль бусаар бүлэглэн зэвсгийн наймаа эрхэлсэн гэж тэдэнд ял тулгажээ. Энэ зүйл анги нь 12 жилийн ялтай юм.



















































