УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Япон улсын Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одонгоор шагнуужээ.
Хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан гэж үзэж, түүнд энэ шагналыг хүртээсэн байна.
Д.Лүндээжанцан нь 1990 оны УБХ-аас эхлээд завсаргүй 30 жил парламентын гишүүнээр сонгогдож, УИХ-ын дэд дарга, УИХ-ын даргаар ажилласан, 2000 оноос хойш 20 жилийн турш Монгол-Японы парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж, парламентын болоод парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө зүтгэсэн төрийн түшээ юм.
Зургаан зэрэглэлтэй “Мандах наран”одон нь Мэйжигийн Эзэн Хааны үед 1875 онд бий болсон бөгөөд 1981 оноос хойш гадаад улсын иргэдэд олгож эхэлжээ.
Монгол Улсаас энэхүү одонгоор Ерөнхий сайд асан Д.Содном шагнуулж байсан байна.