АН-ын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн долоо хоногт ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг намаасаа хөөхөөр болжээ. Үндэслэл нь тус намын гишүүдээс дээрх хоёр хүнд арга хэмжээ тооцооч гэж хэд хэдэн гомдол ирсэнтэй холбоотой хэмээн М.Тулгат дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
АН-ын өнөөгийн хагарал, бутрал, иргэд дэмжигчдэдээ ямар байр суурьтай байгааг өнгөрсөн УИХ-ын болон Ерөнийлөгчийн сонгуулиас харж болно. УИХ-ын сонгуулиар 45 суудал авч засгаа байгуулна хэмээн итгэл дүүрэн байсан тус намд өгсөн иргэдийн үнэлэмж ердөө 13 суудал л байсан.
Бүр Ерөнхийлөгчийн сонгуулиар ч “мад” тавиулж “Зөв Хүн Электорат” эвслээс хэд дахин бага санал авч сүүл мушгисныг уншигч олон санаж буй байх.
Удахгүй болох нөхөн сонгуулиар ч гавьтай амжилт үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь тус намаас нэр дэвшигчид иргэдийн хүсэн хүлээсэн чадварлаг, даацтай сөрөг хүчин болчихоор хүн биш гэх.
Ямартай ч ирэх сард АН-ын парламент дахь суудлын тоо нэгээр хасагдаж, 12 болж магадгүй аж. М.Тулгат даргын хэлснээр Ц.Туваан, З.Энхболд нарыг намаасаа хөөх эсэх эцсийн шийдвэрийг аравдугаар сард гаргах юм гэсэн. Өөрөөр хэлбэл, тус АН-ын хүч улам суларч, парламентад сул гишүүн нэгээр нэмэгдэх нөхцөл байдал үүсжээ.
Б.Лхам