Т.Мөнхтуяа медалийн төлөө барилдана

Эхний өдөр дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдсан Монголын тамирчдаас
Т.Мөнхтуяа хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна. Тэмцээний 59 кг-ын
жинд барилдаж буй тэрбээр эхний тойрогт Канадын бөх Мишель Фаззариг 1-0, 0-1,
3-1 харьцаатай ялж, хоёрдугаар тойргийн барилдаанд АНУ-ын тамирчин Лейф Эвелин
Жейнсийг 3-0, 0-1, 3-1 онооны давуугаар ялжээ. Удаахь барилдаанд Т.Мөнхтуяа
Беларусийн бөх Залина Сидаковатай таарч, 0-2, 0-1 харьцаатай хоёр үед
ялагдсанаар дагах барилдаанд хүрэл медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Шеоран
Шилпитэй барилдахаар болоод байна.
Мөн энэ өдөр дэлхийн аваргын дэвжээнд зодоглосон Монголын бусад тамирчдын
тухайд 51 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг эхний барилдаандаа Польшийн бөх Роксана Марта
Засинад 0-1, 3-0, 0-1 харьцаатай дийлдсэн. Харин Польшийн тамирчин дараагийн
барилдаандаа АНУ-ын бөхөд ялагдсан тул Д.Отгонцэцэг дагах барилдаанд зодоглох
боломжгүй болжээ.
Тэмцээний 67 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Ц.Баярзаяа мөн л эхний тойргийн
барилдаанд ялагдсанаар дэлхийн аваргыг орхижээ. ОХУ-ын бөх Ирина Богдановатай
таарсан манай тамирчин 1-0, 2-1 харьцаатай ялагдал хүлээсэн байна.