Хөдөлмөрийн Үндэсний Намаас Засгийн газарт шаардлага хүргүүлжээ. Хэрэв Засгийн газар үүссэн нөхцөл байдлыг яаралтай шийдэж ажиллахгүй тохиолдолд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн хүчний хувьд Засгийн газрын танхимд хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор тавина гэдгээ мэдэгджээ.
Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. "Ковид-19 цар тахлын хүнд үед Засгийн газрын хариуцлагагүй байдлаас шалтгаалаад шатахуун тээвэрлэлт саатан шатахууны хомсдол үүссэнээр бараа бүтээгдэхүүний суурь үнэ өсөж, иргэдийн бодит орлого бууран, нийгэм эдийн засгийн хямралт байдлыг үүсгэлээ.
Мөн ковидтой тэмцэж манлайлал үзүүлэх ёстой Засгийн газар олон нийтийн арга хэмжээ, шоу зохион байгуулан иргэдийн бөөгнөрөл үүсгэх байдлаар ковентын тархалтыг нэмж, цаашид ийм төрлийн гадаах арга хэмжээг үргэлжлүүлэхээ илэрхийлж байгааг эрс буруушааж байна.
Иймд дараах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Үүнд:
-Монгол Улсын Ерөнхий сайд, холбогдох Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт хариуцлага тооцох
-Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын салбараас бусад төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийг худалдан борлуулж, түлш, шатахуун, тээврийн хэрэгслийн аливаа зардлыг тэглэх.
-Нийтийн тээвэр, такси, цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.
-Хил, гаалийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж, урд хөрш рүү хил нэвтэрч буй нүүрс болон ачаа тээвэрлэлтийн үеийн корона вирусийн халдварын тохиолдлыг тэг болгох замаар экспортын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулах
Засгийн газар үүссэн нөхцөл байдлыг яаралтай шийдэж ажиллахгүй тохиолдолд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн хүчний хувьд Засгийн газрын танхимд хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор тавихыг мэдэгдье" гэжээ.