Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинжлэх ухааны салбарт хийх, шинэчлэл реформыг эрчимжүүлэх түүхэн шийдвэр гаргалаа.
Шинжлэх ухаан салбарын шинэчлэлүүд бидний сансанд хүрч чадаагүй. Учир нь санхүүжилт, засаглалын асуудал, хүний нөөц, залуу эрдэмтдийг төрөөс дэмжих зэрэг нь тодорхойгүй байсан. Мөн шинжлэх ухааны санхүүжилт ойлгомжгүй тогтолцоотой явж ирсэн. Үүнийг ил тод нээлттэй болгох шаардлага үүссэн.
Шинжлэх ухаан технологийн сангаас нийт 150 орчим тэрбум төгрөгөөр 4000 орчим судалгааг хийсэн байдаг. Гэвч эдгээрийн хэд нь бодитоор эдийн засгийн эргэлтэд орж, шийдэл болсон нь тодорхойгүй байдаг. Үүнийг ил тод нээлттэй болгож байна.
Энэ санд жил бүр 10-12 тэрбум төгрөгийн бүх судалгаанд жигд буюу нэг судалгаанд 20 сая төгрөгийг зарцуулдаг. Гэвч нэг судалгаанд 20 сая төгрөг хүрдэггүй. Энэ нь цаашид бодит байдал дээр буухгүй байх шалтгаан болж байна.
Монгол Улс анх удаа лабораторийн тооллого хийхэд нийт 300 гаруй лабораторийн 70-80 хувь нь орчин цагийн судалгаа шинжилгээ хийж чадахгүй байдалд орсон байна. Улсын төсвийн 5 сая орчим төгрөгийн санхүүжилтээр боссон лаборатори ч үйл ажиллагаа явуулахгүй байна.
Өнөөдрийн хурлаар хүрээлэн, их, дээд сургуулиудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авч байна. Ингэснээр цаашид эдгээр газруудыг хувийн хэрэгцээнд алдахгүй нөхцөл бүрдэж байгаа юм.
Залуу эрдэмтдээ тэтгэлгээр дэмжих боломжуудыг бид хангахаар өөрчлөлт хийж байна. 2015 онд гарсан Засгийн газрын шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн улмаас олон хүрээлэн хаалгаа барьсан. Харин өнөөдрөөс Дулааны техник, технологи экологийн хүрээлэн, Тархи судлалын хүрээлэнг шинээр байгуулж, Ой мод, сургалт судалгааны хүрээлэнг сэргээж байна" гэв.
Б.Баатар