Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан зарлигийг өнөөдөр танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх зарлиг гаргалаа. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд өртөж буй орны нэг. Цөлжилттэй тэмцэх зорилгоор Ойн аж ахуйн агентлагийг сэргээх чиглэлийг Ерөнхий сайдад өгсөн. Ойн аж ахуйн агентлагийг сэргээхээр хуулийн төсөл өргөн барьсан. Энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. Халамжаас хөдөлмөрт чиглэх хөтөлбөрийн хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачлагыг дэмжих чиглэлийг Засгийн газарт өглөө. Нэг тэрбум мод хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр болон хувийн хэвшлийг хангах хэрэгтэй. Ой мэргэжлийн байгууллагуудын чадварыг бэхжүүлэх чиглэлээр холбогдох яам анхаарч ажиллана гэж найдаж байна” гэв.
Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд бодлого, стратеги гарган ажиллах
Жил бүр ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах
Ойн агентлагийг сэргээн байгуулах
Халамжаас хөдөлмөрт чиглүүлэх цогц бодлогын хүрээнд иргэдийг ой мод тарих санал санаачлагыг дэмжих
Иргэн аж ахуй нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах, энэ чиглэлээр үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх
Нэг тэрбум мод хөдөлгөөнийг өрнүүлэхдээ төр болон хувийн хэвшлийг хангах
Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор экологийн боловсролыг олгох зэрэг чиглэлүүдийг Засгийн газарт өглөө.