УИХ-ын Намрын чуулган эхэлсэнтэй холбогдуулан МАН-ын Бүлгэг өнөөдөр хуралдсан бөгөөд Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
МАН-ын Бүлгийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар нэг асуудлыг хэлэлцсэн. 2021 оны Намрын чуулганд хэлэлцэх асуудлууд, түүний бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Намрын чуулганаар нийт жагсаалтанд орсон 250 орчим хууль бий. Зарим нь шинээр, зарим нэмэлт өөрчлөлтөөр орсон хууль. Бид эхний ээлжинд дөрвөн чиглэлд онцгой анхаарч УИХ-аар оруулахаар хуулийн төслийн бэлтгэл ажлыг хангахаар ажиллая гэж үзэж байна.
Нэгдүгээрт, эдийн засгийг сэргээх чиглэлд эрхзүйн орчныг бүрдүүлэхэд анхаарая. Татвар, Хөрөнгө оруулалт, Худалдаа аж үйлдвэрийн танхимын болон Тусгай зөвшөөрлийн зэрэг хууль байгаа. Эдгээр хуулийг аль болох хурдан гаргах шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, бид 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Энэ нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэх эрх зүйн шинэчлэлийн хуулийг хурдан хэлэлцэх хэрэгтэй гэж үзлээ.
Энд Хот тосгоны эрхзүйн тухай хууль, бусад хэд хэдэн хууль бий. Эдгээрийг Намрын чуулганаар хэлэлцэх ёстой гэж үзсэн. Гуравдугаарт, УИХ-д өргөн барьсан 2022 оны Төсвийн тухай асуудал. Дөрөвдүгээрт, Мөрийн хөтөблбөрт тусгагдсан хэдэн том асуудал бий. Баялагийн сангийн тухай, Хуримтлалын сангийн тухай, Төрийн болон Нийтийн өмчийн, Төрийн өмчит компанийн тухай, Газрын тухай хууль зэрэг багц том хуулийг энэ Намрын чуулганы тэргүүн ээлжинд хэлэлцэх шаардлагатай гэж МАН-ын Бүлэг үзсэн.
Б.Жаргал