Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар коронавирусний халдварын оношилгоо, эмчилгээний талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 412,954 батлагдсан тохиолдол байна. Үүнээс хэвтэн эмчлүүлж байгаа 22214, гэрийн хяналтад 53834 хүн эмчлүүлж байна. Мөн 4143 хүүхэд, 1531 жирэмсэн эх эмчлүүлж байна.
Халдвар дотоодод тархсан хугацаанд 4217 жирэмсэн эх халдвар авсан.
Нийт батлагдсан тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байна. Мөн вакцинжуулалттай холбоотойгоор 12-17 насны хүүхдийн халдварын тоо буурч байгаа үзүүлэлт гарч байна.
Манай улс ПСР шинжилгээ хийж- баайгаа тоогоороо дэлхийд 43 дугаарт орж байна. Бид шинжилгээний тоог бууруулаагүй. Мөн стратегийн өндөр ач холбогдолтой газруудад лаборатори нэмж байрлуулж байна. Нэг лаборатори байгуулахад 250-300 сая төгрөг шаардлагатай болдог юм.
Эмчилгээний хувьд олон улсын гаргасан удирдамж, зөвлөлийг өөрийн оронд тохируулан хийж байна. Удирдамж, чиглэлээ ес дэх удаагаа шинэчлэн баталсан.
Улсын хэмжээнд сувиллын ороо тооцоод 27083 ор байдаг. Өнөөдрийн байдлаар ковид-ын тусламж үйлчилгээнд 22158 орыг дэлгэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс цаашилбал ковид-оос өөр халдварт бус өвчин, төрөх, гэмтэл, хавдар гэх мэт үндсэн тусламж үйлчилгээнд асуудал үүсэх учраас цаашид оронд хязгаарлалт хийнэ" гэлээ.
А.Сүх