Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Улсын дээд шүүхээс Д.Гангабаатарыг санал болгосныг байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох эсэх талаар байнгын хорооны дэмжсэн саналыг УИХ-аар хэлэлцүүлж байна.
Д.Гангабаатарыг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 79.1 хувийн саналаар Цэцийн гишүүнээр томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Би Д.Гангабаатарыг дэмжиж байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүнд ганцхан дарга бий. Тэр нь Үндсэн хууль. Шүүхийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын дээд шүүх нэр дэвшүүлэхдээ дарга нь ганцаараа ч юм уу оруулж ирэх тэр боломжийг хаасан. Өөрөөр хэлбэл, шүүх дэх улс төрийн, Ерөнхийлөгчийн нөлөөг хаасан юм.
Үүнийг яаж шийдсэн гэхээр Үндсэн хууийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ нийт шүүгчдийн саналаар шийднэ. Саналыг нууцаар авна гэж оруулж өгсөн.
Д.Гангабаатар багш бол аль нэг намд элсэж, ажиллаж байгаагүй. Цэвэр мэргэжлийн судлаач багш орж ирлээ гэж дэмжиж байгаа.
Энэ бол шүүхийн шинэчлэлийн бодитой үр дүн юм" хэмээн онцолсон юм.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Дашбалбарын Гангабаатар нэр дэвшгчийг дэмжиж байгаа. Д.Гангабаатар бол улс төр, хууль зүйн өндөр боловсролтой. Цэцийн гишүүнд шаардлага хангасан хүн юм. Түүнээс гадна Очирбатын Дашбалбар гэж Монголын улс төрд нэрээ гаргасан, шударга ёсны дуу хоолой болж байсан тэр хүний хүсэж байсан хууль дээдлэх зарчмыг авч явж чадах үе дамжсан хуульч болж чадах байх гэж найдаж байна" гэлээ.
А.Сүх