Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БОАЖ-ийн сайд Н.Уртнасан танилцуулж байна.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Уур амсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог байгуулах тогтоолын төсөл батлагдсан. Энэ хороог Ерөнхий сайд тэргүүлнэ. Хоёр дэд даргатай байна. Мөн бусад холбогдох салбарын дундын уялдаа холбоог хангах салбар, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд хамтарч ажиллах юм.
2020 онд таван удаа цөлжилтийн үнэлгээ хийсэн байдаг. Судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн байна.
Нөгөөтээгүүр, Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахад Үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг зөв ашиглаж, төсөв санхүү, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчныг зохион байгуулахад уг хороо ажиллах шаардлагатай байгаа. Цаашид улиралд нэг удаа хуралдана" гэлээ.
А.Сүх