УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үндсэн хуульд зааснаар байгалийн баялаг иргэн бүрд хэрхэн хүрэх арга замыг салбарын түвшинд боловруулсан. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Хүнд үйлдвэрийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ долоо хоногт УИХ-д өргөн барина. Түүний өмнө есдүгээр сарын 22-ны хуралдаанаар Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг хэлэлцүүлсэн. Өнөөдөр явцын талаар танилцуулсан.
Төрөөс Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын 3.7.5 гэсэн заалт бий.
Энэ заалт нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн арга хэрэгслээр хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Эрдэс баялгийн биржийг байгуулна гэсэн заалт төрөөс баримтлах бодлогод байдаг.
Байгалийн баялаг, газрын хэвлий иргэн бүрийн баялаг гэж дээр дурдсан. Тиймээс тухайн баялаг хаана, яаж, ямар үнээр зарагдсаныг иргэд мэдэх эрхтэй. Энэ хүрээнд Эрдэс баялгийн бирж чухал үүрэгтэй юм.
Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж, ил тод нээлттэй, шударгаар борлуулах нөхцөл байдал бүрдэнэ” гэлээ.
А.Сүх