Өнгөрсөн даваа гарагийн АН-ын бүлгийн хурлаар Бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлж, оронд нь Н.Ганибалыг томилох тухай мэдээлсэн. Энэ тухай шийдвэрээ УИХ-ын даргад өргөн барьж, чуулганы хуралдааны хэлэлцэх жагсаалтад оруулах саналыг оруулсан ч шаардлага хангаагүй, хүлээн авах цагаас хоцорсон шалтгаанаар хүлээн аваагүй аж.
Улмаар О.Цогтгэрэл гишүүн УИХ-ын даргаас үндэслэлээ хэлэхийг удаа дараа шаардаж, хэлэлцэх асуудлыг үймүүлсэн хэмээн түүнийг чуулганы хуралдаанд хүндэтгэлтэй хандаж, хуулиа судлахыг УИХ-ын дарга сануулсан юм.
Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “Намын дотоод асуудлаа бүлэг дотроо шийдэх шаардлагатай. УИХ-н чуулганд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна. АН хуульд зааснаар 11 гишүүнээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнээс өөрөөр зарлан мэдээлэх дэг байхгүй.
Хуулиа уншиж судал.
Д.Ганбатаас УИх-ын даргад хандан дөрөв, таван бланк ирсэн. Намын бүлгийн үйл ажиллагаа зөвхөн дөрвөн үндэслэлээр тарахаар хуульчлагдсан.
Нэгнээ үгүйсгэсэн, хоорондоо зөрчилтэй бичгийг өдөрт хэд хэдээн нь ирүүлж байгаа нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна.
УИХ болон УИХ-ын Тамгын газар шүүх биш. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ан-ын дотоод асуудлаар зарлан мэдээлэх чиг үүрэг байхгүй. Тиймээс УИХ руу үсчиж, янз бүрийн юм ярихгүйгээр дотооддоо асуудлаа шийдэх нь зүйтэй” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)