Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийн үр дагаврын хөндлөнгийн үнэлгээний тайланг танилцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр дэх хэрэгжилтийн явцын талаарх хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдийн өвчлөл, цахим орчин дахь хүүхдийн оролцоо, түүгээр дамжуулан гэмт хэрэгт өртөх эрсдэл зэрэгт анхаарч, эцэг эх, асран хамгаалагчидтай хамтран ажиллах шаардлагатай гэдгийг онцоллоо.
Сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм батлагдсан, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч, багштай байгуулах гэрээний үлгэрчилсэн загварыг батлан гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Мөн сургуульд сэтгэл зүйчийг ажиллуулж байгаа аж.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл онцгой анхаарч байгаа гэв.