МАН-ын Бүлэг өнөөдөр хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Д.Тогтохсүрэн: Засгийн газраас Эдийн засгийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах, Боловсролын сайдын харьяанд Боловсролын агентлаг байгуулах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хүрээнд Ойн агентлаг байгуулах санал орж ирсэн. Дээр нь Худалдан авах үйл ажиллагааны агентлагийг Шадар сайдын харьяанаас гаргаж, Сангийн сайдын харьяанд, Цөм энергийн асуудал буюу цөмийн энергийн холбоотой асуудлыг чиг үүргийн хувьд Боловсролын сайд, Жендрийн асуудлыг Ерөнхий сайдын харьяанаас гаргаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Мэргэжлийн боловсролын асуудлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын чиг үүргээс гаргаж, Боловсролын сайдын чиг үүрэгт оруулая гэдэг саналыг Засгийн газраас өргөн барьсан юм. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооноос ажлын хэсэг гарсан. УИХ-ын Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, С.Бямбацогт болон Ё.Баатарбилэг, Б.Пүрэвдорж нарын гишүүд ажлын хэсэгт ажилласан. Энэ ажлын хэсгээс боловсруулсан саналыг хэлэлцэж дэмжлээ. Эдийн засгийн хөгжлийн яамыг 11 төрлийн чиг үүрэгтэй байхаар өргөтгөсөн. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг долоон чиг үүрэгтэй байхаар орж ирснийг есөн чиг үүрэгтэй болгож өргөтгөлөө. Харин Төрийн худалдан авах ажиллагааны агентлагийг Сангийн сайдын харьяанд байж болохгүй гээд Шадар сайдын харьяанд байх ёстой гэж үзсэн. Жендрийн тэгш бус байдлын тухай асуудал бол том асуудал. Тиймээс энэ асуудлыг нэг сайдын харьяанд өгөх нь учир дутагдалтай гэж үзэж, Ерөнхий сайдын харьяанд хэвээр нь үлдээе гэж шийдсэн. Мөн Монгол, БНХАУ-ын хооронд Худалдаа эдийн засгийн бүс байгуулахтай холбоотой хэлэлцээрийг УИХ хэлэлцэхэд нь дэмжье гэдэг байр суурийг УИХ дахь олонхийн бүлэгээс гаргасан.
Б.Жаргал