Олимпийн салхийг хагалж хүрэл медаль хүртсэн С.Ням-Очирын барилдааны торгон аварга агшин, Н.Түвшинбаярын Лондонгийн олимпийн наадамд финалд үлдэж буй дүр зураг, сүүлийн олимпоосоо хүрэл медаль хүртэж буй У.Мөнх-Эрдэний баярт царай, мөнгөн медалиа чамлаад нулимс дуслуулсан Н.Төгсцогтын ялалтын гайхалтай хором бүхнийг манай сайтын гэрэл зурагчин Ч.Ганбат цаг алдалгүй уншигчдад илгээсэн билээ. Монгол Улсаас телевиз, сонины сэтгүүлчид олимпийн наадмыг сурвалжилж байсан бол ийнхүү анх удаа фото сурвалжлагч олимпийн эрх өвөртлөсөн нь Ганбаа ах маань байлаа. Монголын баг тамирчдын болон дэлхийн шилдгүүдийн ялалт, ялагдлын тэр ховорхон агшинг цаг алдалгүй аргамжин дурандаа үлдээсэн фото зурагнуудаараа Ч.Ганбат ах маань “Лондон-2012” үзэсгэлэнгээ ирэх сарын 3-8-нд Уран зургийн галерейд олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
Тэрээр “Токио-2010”, “Парис-2011” жүдо бөхийн ДАШТ, “Гуанжоу-2010” Азийн наадам, “Хонконг-2009” Зүүн Азийн наадмыг сурвалжилж байсан туршлагатай нэгэн. Ганбаа ахдаа баяр хүргэж, цаашдын уран бүтээл, ажил амьдралд нь амжилт хүсье. Монгол олон тамирчдын медалийн тавцан дахь баярт мөчүүд таны дуранд олон үлдэг гэж хүсэн ерөөе.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)